Хэрлэнбаян улаан уул
Хэрлэнбаян-Улаан уул нь Их Хэнтийн нурууны салбар өмнөд хэсэг нь бөгөөд Хэрлэн гол эхээсээ доош өмнө зүг урсаад зүүн тийш эргэсэн их тохойд хааш хаашаагаа 40-50 км үргэлжлэн оршдог. Ихэнхи хэсэг нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарна. Дэлгэрхаан /2,042м/, Баянхан /2,022м/, Бумбат /1,895м/, Дулаан /1,680м/ зэрэг харьцангуй өндөрлөг оргилуудтай, дундаж нь 1400-1600м өндөр уулсаас бүрдэнэ. Хэрлэн Баян-Улаан уулын өндөрлөг хэсгээр хус, улиас, шинэс, хуш болон бусад навчит мод бут сөөг ихтэй бөгөөд ам хөндий бүрд нь горхи булаг, рашаан, ан амьтнаар баялаг, эрт дээрээс нүүдэлч түмний олон зууныг дамжин оршин амьдарч ирсэн мянган бууц, түмэн булагтай, жилийн жилд ган, зуд болдоггүй өгөөмөр нутаг хэмээн алдаршсан газар орон билээ.