Балингийн Цэрэндорж (1868 оны 5 сарын 25 - 1928 оны 2 сарын 13) нь Монгол Улсын дөрөв дэх ерөнхий сайд байв.
Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж 15 дугаар жарны шар луу жилийн 4 сарын шинийн гурван буюу 1868 оны 05 сарын 25-ны өдөр
1868 оны 5 дугаар сарын 25-нд одоогийн Хэнтий аймгийн нутаг Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн. Бага наснаас бичиг эрдэмд шамдсан Цэрэндорж монгол, манж, хятад хэл бичгийг сайн сурч, цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн болсноор 1885-1890 онд Хүрээн дэх Манж журганы яаманд дагалдан,туслах, жинхэнэ бичээч, 1890-1904 Хүрээн дэх хаант Оросын консулын орчуулагчийн сургуульд багш, 1904-1911 онд Хүрээний манж сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэл, 6 дугаар зэргийн түшмэлийн алба хашиж байжээ.
Монголчууд тусгаар тогтнолоо байлдан олж, үндэсний засаг төрөө сэргээн байгуулсан 1911 оноос Монгол улсын Гадаадын хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд түшмэл, 1913-1915 онд дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайдын албыг хашиж байв. 1913 онд хааант Орос улсад айлчилсан Ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Петербургт очихдоо Оросын засгийн газраас Станиславын хоёрдугаар зэргийн одон, 1926 онд Монгол Улсын бичгийн гавьяаны одонгоор шагнагдсан.
1915 оны Орос, Хятад, Монгол гурван улсын Хиагтын бага хуралд оролцсон.
Эрхэлсэн албан тушаалын улмаас 1919 онд "Гадаад Монголын автономит засгийг сайн дураар гуйн устгах бичиг"-т бусад сайд нарын хамтаар гарын үсэг зурсан.
1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын Гадаад яам, Засгийн газарт эрхэлсэн түшмэл, Гадаад яамны тэргүүн сайд, Засгийн газрын жинхэнэ орлогч, 1923-1928 оны эх хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан.
1924-1928 онд Улсын Бага хурлын гишүүн, Тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан. 1922 онд МАХН-д гишүүнээр элссэн,1928 он хүртэл МАН/МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн байв.
Б.Цэрэндорж Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүүлэхийн төлөө баттай зогсож, улс орны хөгжлийн замын тухайд үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримтлагчдын нэг байв.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд төрийн гадаад, дотоод бодлогын чиг шугамыг тодорхойлон БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах хоёр дахь комиссын даргаар ажиллаж, Улсын анхдугаар хуралд Ардын Засгийн газрын гурван жилийн үйл ажиллагааны тайланг тавьж байв.